Захирлын мэндчилгээ

2016-10-21 10:23:00

wCOkvktOIK.jpg

Мэндчилгээ

       “Цэцээ Гүн” Менежментийн Дээд сургуулийн цахим хуудсанд зочлон ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

          Бид өглөө босоод л өнөөдөр юу хийх талаараа боддог. Ямар хувцас өмсөх, аль цүнхээ барих, ажил хичээлдээ хэдэн цагт гарвал хоцрохгүй очих, өдрийн хоолондоо юу идэх, ажил хичээлээ тараад хаачих, орой гэртээ ямар хоол хийж, зурагтаар ямар нэвтрүүлэг үзэх вэ? гэх мэтээр алхам тутамдаа бид өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөж байдаг. Энэ бол өөрөө хувь хүний менежмент буюу өөрт байгаа цаг хугацаа, эд хөрөнгө, тоног төхөөрөмжөө ашиглан өөрийгөө удирдан чиглүүлэх үйл явц юм. Энэ бол хүн төрөлхтөн үүсэж бий болсон  хэдэн мянган жилийн өмнөөс л хийж ирсэн үйлдэл бөгөөд хүний оюун ухаанд шингэсэн нэгэн дадал, зуршил билээ. Эртнээс бидний оюун ухаанд шингэсэн энэ дадал зуршил маань өдгөө хувь хүнийхээ хэмжээнээс хальж, хамт олон, байгууллага, компани, улмаар бүр улс орны ирээдүйг удирдан чиглүүлэх хэмжээний том хэмжээний шинжлэх ухаан болон хөгжжээ.

          Удирдан чиглүүлэх үйл явцыг заавал дарга хүн хийх албагүй. Дээр дурдсанчлан бид хувь хүний менежментээс л эхлэн энэхүү Шинжлэх ухаанаас суралцаж болно. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад Төрөө зас” гэж өвөг дээдэс маань үр хойчдоо сургасаар ирсэн билээ. Энэ бол биднийг эхлээд эрдэм боловсролтой болохыг сануулсан үг болов уу гэж би боддог. Бид хүн бүр өөрийгөө, гэр бүлээ, хамт олноо удирдан чиглүүлэх арга ухаанд суралцсанаар байгууллагын, орон нутгийн, цаашлаад улс орны ирээдүйг удирдан чиглүүлж чадна.  Иймээс бидэнд мэдлэг боловсрол зайлшгүй чухал юм шүү.

          Манай улсад 1990-ээд оноос “Менежмент” гэдэг үг хэрэглэгдэх болж, менежментийн ухаан, урлагт суралцаж эхэлсэн гэж үздэг. Энэ үгийг монгол хэлэнд хамгийн ойлгомжтойгоор хөрвүүлбэл  “Удирдахуйн ухаан”  гэсэн үг бөгөөд манай сургууль нь 1998 оноос хойш “Удирдахуйн ухаан”-ны чиглэлээр боловсон хүчин бэлтгэсээр ирсэн анхны хувийн хэвшлийн дээд сургуулиудын нэг билээ. Энэ хугацаанд бидний бэлтгэн гаргасан төгсөгчид маань өөр өөрсдийн салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ч бид “Удирдахуйн ухаан”-ны чиглэлээрээ дагнан ажиллах зорилготой байгаа бөгөөд олон олон шинэ сорилтууд биднийг хүлээж байна.  

             Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, мэргэжлээ сонгож байгаа залуучууд, өөрийн карьераа өсгөх зорилго тавьсан төрийн болон хувийн байгууллагын албан хаагчдад манай сургуулийн үүд хаалга байнга нээлттэй байх болно.

             Та бүхний сурлага хөдөлмөрийн ажил үйлс чинь Улаанбаатар хотыг дээрээс нь тольдон байдаг Богд Хан уулын ноён оргил Цэцээ гүн шиг өндөр байхыг ерөөн мэндчилье.

          Хүндэтгэсэн:   Гүйцэтгэх захирал  Г.Наранбат




Холбоотой мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ


Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан