МЭНДЧИЛГЭЭ

2016-11-03 17:40:00

 

                        Мэндчилгээ

   ZgeqcssnyJ.jpg

        “Цэцээ Гүн” Менежментийн Дээд сургуулийн цахим хуудсанд зочлон ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

      Бид өглөө босоод л өнөөдөр юу хийх талаараа боддог. Ямар хувцас өмсөх, аль цүнхээ барих, ажил хичээлдээ хэдэн цагт гарвал хоцрохгүй очих, өдрийн хоолондоо юу идэх, ажил хичээлээ тараад хаачих, орой гэртээ ямар хоол хийж, зурагтаар ямар нэвтрүүлэг үзэх вэ? гэх мэтээр алхам тутамдаа бид өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөж байдаг. Энэ бол өөрөө хувь хүний менежмент буюу өөрт байгаа цаг хугацаа, эд хөрөнгө, тоног төхөөрөмжөө ашиглан өөрийгөө удирдан чиглүүлэх үйл явц юм. Энэ бол хүн төрөлхтөн үүсэж бий болсон  хэдэн мянган жилийн өмнөөс л хийж ирсэн үйлдэл бөгөөд хүний оюун ухаанд шингэсэн нэгэн дадал, зуршил билээ. Эртнээс бидний оюун ухаанд шингэсэн энэ дадал зуршил маань өдгөө хувь хүнийхээ хэмжээнээс хальж, хамт олон, байгууллага, компани, улмаар бүр улс орны ирээдүйг удирдан чиглүүлэх хэмжээний том хэмжээний шинжлэх ухаан болон хөгжжээ.

      Удирдан чиглүүлэх үйл явцыг заавал дарга хүн хийх албагүй. Дээр дурдсанчлан бид хувь хүний менежментээс л эхлэн энэхүү Шинжлэх ухаанаас суралцаж болно. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад Төрөө зас” гэж өвөг дээдэс маань үр хойчдоо сургасаар ирсэн билээ. Энэ бол биднийг эхлээд эрдэм боловсролтой болохыг сануулсан үг болов уу гэж би боддог. Бид хүн бүр өөрийгөө, гэр бүлээ, хамт олноо удирдан чиглүүлэх арга ухаанд суралцсанаар байгууллагын, орон нутгийн, цаашлаад улс орны ирээдүйг удирдан чиглүүлж чадна.  Иймээс бидэнд мэдлэг боловсрол зайлшгүй чухал юм шүү.

        Манай улсад 1990-ээд оноос “Менежмент” гэдэг үг хэрэглэгдэх болж, менежментийн ухаан, урлагт суралцаж эхэлсэн гэж үздэг. Энэ үгийг монгол хэлэнд хамгийн ойлгомжтойгоор хөрвүүлбэл  “Удирдахуйн ухаан”  гэсэн үг бөгөөд манай сургууль нь 1998 оноос хойш “Удирдахуйн ухаан”-ны чиглэлээр боловсон хүчин бэлтгэсээр ирсэн анхны хувийн хэвшлийн дээд сургуулиудын нэг билээ. Энэ хугацаанд бидний бэлтгэн гаргасан төгсөгчид маань өөр өөрсдийн салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ч бид “Удирдахуйн ухаан”-ны чиглэлээрээ дагнан ажиллах зорилготой байгаа бөгөөд олон олон шинэ сорилтууд биднийг хүлээж байна.  

          Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, мэргэжлээ сонгож байгаа залуучууд, өөрийн карьераа өсгөх зорилго тавьсан төрийн болон хувийн байгууллагын албан хаагчдад манай сургуулийн үүд хаалга байнга нээлттэй байх болно.

          Та бүхний сурлага хөдөлмөрийн ажил үйлс чинь Улаанбаатар хотыг дээрээс нь тольдон байдаг Богд Хан уулын ноён оргил Цэцээ гүн шиг өндөр байхыг ерөөн мэндчилье.

                            Захирал     Г.Наранбат

 

9Y9wkz71KD.jpgТөрийн захиргааны удирдлагын тэнхимийн эрхлэгч, магистр  Т.Мөнхтуяа

Та бүхэнтэй Цэцээ гүн менежментийн дээд сургуулийн Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн нийт багш нарын өмнөөс мэндчилж байна. Цэцээ гүн менежментийн дээд сургууль нь 1998 онд анхлан байгуулагдаж Төрийн захиргааны мэргэжилтэн бэлтгэж эхлэснээр тус тэнхим үүссэн түүхтэй. Өөрөөр хэлбэл сургуулийн суурь үндэс болж байсан онцлогтой бөгөөд одоогийн байдлаар бакалавр /өдөр, орой, эчнээ/, магистрын сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөрвөх, өрсөлдөх, дүн шинжилгээ хийх чадвартай мэргэжилтэн, шилдэг өрсөлдөгч, манлайлагч, удирдагчдыг бэлтгэн гаргах зорилготойгоор ажиллаж байна.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд нээлттэй, чанартай, мэргэжлийн өндөр түвшинд, шинжлэх ухааны салбар хоорондын судалгааг түлхүү хөгжүүлж, сургалтын хөтөлбөрийн чанар чансаагаа тасралтгүй сайжруулах, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гарган ажилладаг.  2015-2016 оны хичээлийн жилд Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн нийтийн удирдлага мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн нь бидний ажлын үр дүнг илэрхийлэх чухал хүчин зүйл болсон билээ.

Бид суралцагчид, төгсөгчид, ажил олгогчдийн залгамж холбоог цаг ямагт дээдлэн хүндэтгэж, “бүтээгдэхүүн”-дээ цаг ямагт анхаарал хандуулж, тасралгүй хөгжүүлж, шинэ мэдлэг, амьдрах ухааныг төлөвшүүлэхэд дэмжин тусалдаг.

Манай сургууль өөрийгөө хөгжүүлж цаашид сурч, хөгжих хүсэл эрмэлзэлтэй Та бүхэнд үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, амжилт хүсэн ерөөе.

 

 

 

Kocc9pDtqU.jpg

Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч              магистр Н.Батцэцэг

Бизнесийн хөтөлбөрөөр суралцагч нийт оюутан залуучууд, хүндэт эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс Та бүхэнд “Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн БизнесийнУдирдлагын тэнхимийн эрдэмтэн багш нар болон тэнхимийн эрхлэгчийн зүгээс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

Цэцээ Гүн менежментийн дээд сургууль нь 1998 онд анхлан байгуулагдаж Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр Бизнесийн удирдлагын тэнхим нь үүсэн өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулсан Бизнесийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна.

Манай тэнхимийн хамт олон 2015-2016 оны хичээлийн жилд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр “Санхүүгийн удирдлага” хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн нь бидний ажлын үр дүнг илэрхийлсэн чухал үзүүлэлт болсон билээ.

2014 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн Сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/-ийн гишүүн сургууль болж хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна.

Бид өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төгсөгчдийг бэлтгэн гаргахад сургалтын төлөвлөгөө, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, сургалтын чанар, агуулга, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй Та бүхэнд үргэлж нээлттэй байж,  магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдээ санал болгож байна.

Манай сургууль, бидний хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа нийт оюутнууддаа болон сонгон суралцах та бүхэнд  сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе!

 

 




Холбоотой мэдээлэл

Захирлын мэндчилгээ


Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан