Боловсролыг эрхэмлэх ухаан

2017-08-31 13:18:00

4SuuRcbRKC.JPG“Цэцээ гүн” Менежментийн дээд сургуулийн Зөвлөх профессор,

Эрдмийн зөвлөлийн дарга Монгол улсын гавъяат багш,

доктор, профессор Я.Шуурав

 

                                           Боловсролыг эрхэмлэх ухаан

        Манай боловсролын системийн ололт, дутагдалтай холбоотой санал, сэтгэгдэл, мөн хатуухан гэж болохоор шүүмжлэл олны дунд хүчтэй өрнөх болов. Ийм шүүмжлэлт санааг ахмад үеийнхэн, тэдний төлөөлөл болсон багш нар, эрдэмтэд голлон гаргаж байгааг арай ч хуучинсаг үзэл, хуучнаа санагалзсаных гэж болохгүй байх. Сурагчид хичээл хаялт зарлаж, оюутан залуучууд газрын маргаанд оролцох болов. Бүрэн дунд сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг дахихаар болов. Энэ бүхэнтэй холбогдуулан салбарын сайдыг ч огцруулж амжлаа.

Тэгвэл боловсрол, боловсролын систем гэж юу вэ? Монгол хэлний их тайлбар тольд хувь хүний эзэмшсэн тогтолцоот (биднийхээр бол системтэй) мэдлэг, чадвар, мөн мэргэжил, мэдлэг эзэмшсэн байдлыг боловсрол гэжээ. Гадаадын нэгэн эх сурвалжид хувь хүний ухаан, зан төлөв, бие бялдарын чадамжуудыг төлөвшүүлэх үйл явц, түүний бүтээгдэхүүнийг боловсрол гэнэ гэжээ. Манай хөрш өмнөд монголчууд хэл (бичиг)-ний боловсрол, ухааны боловсрол хэмээн хэлэлцдэг байна.

         Боловсролын салбар буюу систем нь боловсролын бодлого, зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байдаг бүх институцуудын цогц нэгдэл юм. Төрийн захиргааны төв (яам, түүний харъяа агентлагууд) болон аймаг нийслэл, дүүргийн боловсролын байгууллагууд, СӨББ, бүх шатны сургууль (бага, дунд, их, дээд) энэ системийг бүрдүүлж байдаг. Боловсролын салбар бол нээлттэй, нийгмийн систем юм. Тиймээс түүний үндсэн бүрдэл хэсэг, цөм нь багш, суралцагчид өөрсдөө юм. Боловсролын систем нийгмийн амьдралын бусад салбар, хүрээнүүдтэй бүрэн интеграцчлагдсан байдаг онцлогтой. Тэрээр эцэг, эхээс эхлээд хүүхэд хамгааллын, эрүүл мэндийн, хууль хяналтын, засаг захиргааны болон ТББ, улс төрийн нам, зүтгэлтэнүүдийн оролцоо, нөлөөлөл нэн чухал үүрэгтэй байдаг. Боловсролын хэмээх энэхүү томоохон нийгмийн систем нь олон тооны бүрдэл хэсэг (элемент), шат дамжлагатай учраас энэ салбарын удирдлага, зохион байгуулалт нь бүр анхан шатнаасаа эхлээд системлэг, удирдах бүрэлдэхүүн нь цэцэрлэгийн эрхлэгчээс авахуулаад сайдаа хүртэл өндөр боловсролтой, зөв хандлага, төлөвшилтэй, системлэг сэтгэлгээтэй байх учиртай.

        Аливаа системийн аль нэгэн хэсэг (элемент), шат дамжлагад доголдол гарвал систем бүхэлдээ доголдож, улмаар хямардаг жамтай. Боловсролын системд ч энэ зүй тогтол үйлчилдэг бөгөөд манай боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх шүүмжлэлт санаа, маргаан мэтгэлцээн ч үүнтэй холбоотой нь маргаангүй юм.

        Боловсролын системийн гарц буюу бүтээгдэхүүн нь боловсролтой иргэн, хүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь ерөнхий болон тусгай мэргэжлийн мэдлэгтэй, түүнийгээ өөрийн болон нийтийн тусын тулд бүтээлчээр хэрэглэж ажиллах дадал дүй эзэмшсэний дээр хүн болж төлөвшсөн, ажил, амьдралын зөв хандлага, байр суурьтай нэгэн байвал системийн зорилго сая биелэгдэх билээ.

        Одоо манай боловсролын системийг тоймлон харъя. Статистик, тоон мэдээ бүхнийг тольдон харуулдаг, тэгээд ч маргаангүй гэдэг. Манай хүн амын тоо энэ оны 6.01-ний байдлаар 3 сая 145 мянгад хүрчээ. Үүнээс 2 сая 25 мянга нь сонгуулийн насныхан буюу насанд хүрэгчид, үлдэх 36 хувь нь хүүхэд, өсвөр насныхан ажээ. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй хүн ам зүйн бүтэц, манай ирээдүйг гэрэл гэгээтэй болгож байгаа сайн тоо! 2016 оны статастикаас харахад манай улсын төрийн болон хувийн өмчийн 1950 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллеж, гадаадын салбар сургуулиудад 900 мянга гаруй хүүхэд, залуучууд суралцаж байна. Ерөнхий боловсролын олон улсын, Америкийн,  Британийн, Япон, Хятад, Турк зэрэг сургуулиуд нийслэлд төдийгүй орон нутагт, Монгол-Германы, Монгол-Солонгосын хамтарсан дээд сургуулиуд, ОХУ, Казакстан зэрэг улсын их сургуулиудын салбар нийслэлд нээгдэн ажиллаж, Монголын хүүхэд, залуучуудад боловсрол эзэмшүүлж байгааг сайн жишиг, дэвшил, боловсролын систем интернациональжиж байгаагийн илэрхийлэл гэхээс өөр яах билээ.

        Боловсролын системд зонхилдог бүх шатны төрийн өмчийн болон төсвийн дэмжлэгтэй сургалтын байгууллагуудад 45 мянга гаруй багш, ажилтан ажилладаг нь манай зарим улс төрч, “судлаач”, нийтлэлчдийн “данхагар” хэмээн цоллодог төрийн бүтэц, түүний албан хаагчдын 1/4 нь болж байгааг ч анзаарвал зохилтой. Боловсролын системийн үндсэн бүрдэл хэсэг нь бүх шатны сургууль юм, сургуулийн гол хөдөлгүүр нь багш, сурган хүмүүжүүлэгчид билээ.

Боловсролын систем нь нарийн төвөгтэй бүтэцтэйг өмнө нь дурьдсан. Манайд болохоор албан, албан бус боловсрол (СӨБ ба ерөнхий боловсролд голлон хамаарна), олон улсын жишгээр бол СӨБ, анхан шатны, дунд, ахлах сургууль, тусгай болон мэргэшүүлэх сургууль, хувилбарт (альтернатив) сургууль, цөөнхийн сургууль зэрэг ерөнхий боловсролын байгууллагууд байдаг ажээ. Дээд боловсролын хувьд олон улсад бакалавр, магистр (мастер), доктор (Ph.D)-ын гэсэн зэрэглэлтэй бөгөөд энэ нь манайд ч хуульчилагдсан байдаг билээ. Боловсролын системд бүх шатны сургууль өөрийн гэсэн байр суурьтай байдаг ч дээд боловсролын үүрэг, ач холбогдол онцгой гэвэл хэтрүүлэг болохгүй бизээ.

        Дэлхийн их дайны хүнд бэрх цаг үед буюу 1942 оны МУИС байгуулагдсанаар манай оронд дээд боловсролын суурь тавигдсан билээ. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны зааг үеэр дээд сургуультай болох нь цөөнгүй хүмүүсийн “хобби” болж, сургуулийн тоо 150 гарсан түүхтэй. 2017 оны эхний дүн мэдээгээр манайд 95 их, дээд сургууль, коллеж байгаагийн 74 нь нэг удаа, 52 нь 2 удаа магадлан итгэмжлэгджээ. Мөн сургуулиараа болон зарим хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлсэн цөөн хэдэн сургууль бий. Эдгээр сургуулийн 25 нь их сургуулийн статустай, 19 нь аймаг, хотуудад салбар сургуультай, 79 нь хувийн өмчийнх ажээ. Дээд боловсрол олгодог сургуулиудад 2007-2014 оны дундажаар жилд 35-40 мянган оюутан, магистрант, докторант элсдэг бөгөөд суралцагчдын жилийн дундаж тоо 170 мянга орчим байдаг байна. Суралцагчдын 15 хүртлэх хувийг магистрант, докторантууд бүрдүүлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Мөн төгсөгчдийн 42,5 хувь нь мэргэжлээрээ ажил эрхэлдэг гэх тоо баримт байдаг ч 2016 он гэхэд энэ тоо 21,7 хувь болтлоо буурч 30 гаруй мянган төгсөгчдөөс 7,7 мянга нь мэргэжлийнхээ дагуу ажилд оржээ. Энэ бол тун чамлалттай тоо юм даа.

        Өөр нэгэн статистик авч үзье. 2007-2014 оны дундаж үзүүлэлтээр тооцоход их, дээд сургууль, коллежийн нийт суралцагчдын дөнгөж 6,5 хувь нь байгалийн шинжлэлийн чиглэлээр, 19,4 хувь нь техник, технологийн чиглэлээр тус тус мэргэжин суралцаж байсан бол 40 гаруй хувь нь хүмүүнлэг, эрх зүй, эдийн засгийн чиглэлээр төгсч байжээ. Энэ бол дээр дурьдсан төгсөгчдийн ажил эрхлэлтэд сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг гарцаагүй мөн юм.

        Одоо боловсролын эдийн засаг руу өнгийж үзье. Манайд бүх хүүхэд сурч боловсрох, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Гэхдээ хувийн өмчийн болон гадаадын хөрөнгө оруулалттай ЕБС-иуд өндөр төлбөртэй. Манайх үүнийг бүр Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн улс юм. Зарим хөнгөлөлт, урамшууллыг эс тооцвол дээд боловсрол бүхэлдээ төлбөртэй. Төлбөрийн хэмжээ ч янз бүр. 2005 оны зэрэгцүүлсэн үнээр тооцсон дүнгээр боловсролын салбарын санхүүжилт 2013 онд 2003 оныхоос 1,76 дахин өсч 326,6 тэрбум төгрөг болж байжээ. Нэлээд хэдэн жилийн өмнө Дэлхийн банкнаас хийсэн нэгэн судалгааны дүнгээс үзэхэд манай улсаас боловсролд зарцуулж буй зардал ДНБ –ий 5,39 хувийг, улсын төсвийн 11,86 хувийг тус тус эзэлж байсан бол ЕБС-ийн нэг суралцагчид ногдох төсвийн зардал нэг хүнд ногдох ДНБ-ий 18,1 хувийг эзэлж байжээ. Энэ нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл (ЮНЕСКО)-ын байгууллага болон судлаачдын үзэж байгаагаар боловсролын хүртээмж, тэгш байдлыг хангахуйц санхүүжилт болж байгаа бөгөөд АНУ, Японыхтой ойртож очсон үзүүлэлт юм.

        Манай сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамралт хангалтгүй, олон сургууль 2-3 ээлжээр хичээллэдэг, сургууль завсардалт гардаг зэрэг бэрхшээл байдаг ч гэсэн бид бараг бүгдээрээ бичиг үсэгтэй (крилл үсгээр), дээд боловсролтой иргэдийн тоо хүн амд эзлэх хувь өндөртэй орны нэг болжээ. Энэ бол амжилт мөн үү гэвэл мөн. Гэвч бид боловсролын түвшин, чанараар, мөн зан суртахууны үнэт зүйл, бүтээх соёл, ажил хөдөлмөрт хандах хандлагаараа бусдаас илүү гэж хэлэх болоогүй л байна. Боловсролын түвшин, чанарт тавигдах шаардлага тухайн үеийн нийгмийн харилцаа, шинжлэх ухаан, техникийн болон үйлдвэрлэл-технологийн хөгжил, үндэсний соёлын үнэт зүйлүүдээр тодорхойлогдож байдаг билээ.

         Бид XXI зууны босгыг дөнгөж даваад байна. Энэ зуун бол мэдлэгийн, мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн зуун байх болно.

        Мэдээлэл, түүний технологийн хэрэглээ нь дэлхийн зах зээл дээр аль хэдийнээ хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болж байгаа бол хүний мэдлэг, боловсрол (төгс утгаараа) тийм бүтээгдэхүүн болох цаг мөчтэй бид нүүр тулаад байгаа билээ. Менежментийн ухааны нэрт эрдэмтэн М.Портер нэгэнтээ “Одоо цагт хөрөнгө оруулагчид хямд ажиллах хүч, байгалийн нөөц баялаг гэхээсээ илүүтэй боловсролтой, ажил, хөдөлмөрийн зөв хандлага, соёлтой хүмүүсийн эрэлд гарах боллоо” гэсэн нь эрх биш нэгийг бодогдуулна. Тэнгэр бурхан баялагийг хүнд нь хайрлаагүй, харин хөдөлмөрт хайрласан юм хэмээн Япон хүмүүс ярилцдаг гэсэн. Орчин үед тэрхүү хөдөлмөрийн уг сурвалж нь эрдэм мэдлэг юм, өргөн утгаараа бол дэлхийн түвшний боловсрол юм.

        Боловсролтой, мэдлэг, чадвартай хүнд боломж үргэлж нээлттэй байдаг. Хэрэв боловсрол, мэдлэг өндөртэй бол тун удахгүй сонгогдох монгол төрийн тэргүүнд ч бүх боломж нээлттэй байх болно. Бид ухааны боловсрол сайтай, тулхтай, боловсролыг эрхэмлэдэг ерөнхийлөгчтэй байхыг хүсэх эрхтэй. Хүсэхээс ч өөр аргагүй эрин зуунд бид амьдарч байгаа билээ.

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан