Боловсрол ямар үнэтэй вэ

2017-09-08 11:13:00

IRnouXMDHm.jpg"ЦЭЦЭЭ ГҮН"  МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Г.НАРАНБАТ

Боловсрол ямар үнэтэй  вэ

          Шинэ хичээлийн жил эхэлжээ.

     Зунжин амарсан оюутнуудын танхимд суух дүр төрх эрээвэр хураавар харагдана. Зарим нь багшийн яриаг хичээнгүйлэн тэмдэглэж авна. Хоцорно, тасална. Зарим нь сэмхэн үүрэглэнэ, утсаа ухна, өөр юм хийнэ. Аль ч их дээд сургуулийн танхимд орсон нийтлэг ийм л төрх элбэг байх болов уу. Дөрвөн жилийн дараа энэ хүүхдүүд хаана юу хийж явах бол доо гэсэн бодол эргэлдэнэ.

    Хөдөлмөрийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд 19 дэх жилтэйгээ золгож байгаа Дээд сургуулийн гүйцэтгэх захирлын хувьд манайхыг төгссөн оюутнууд хир хэмжээнд үнэлэгдэх бол гэдэгт байнга санаа зовж явдаг билээ. Өнөөгийн нийгмийн байдал, төр засгийн бодлого дээд боловсролыг үнэхээр үнэгүйдүүлж байгаа нь харамсмаар ч хэзээ нэгэн цагт жинхэнэ утгаараа үнэлэгдэх дээд боловсролын салбар дахь өөрсдийн чиг хандлага, ноён нуруугаа алдахгүйг хичээн ажиллаж байна.

         Дээд боловсролыг ер нь юугаар үнэлэх вэ?

        Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 95 сургууль “Дээд боловсролын сургалтын байгууллага” гэсэн ангилал дор үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийтдээ 157 мянга гаран оюутнууд өөрсдийн сонгосон 11 төрлийн мэргэжлийн чиглэлээр  суралцаж байна. Манай улсын хүн амтай харьцуулахад ойролцоогоор 5 хувьтай тэнцэнэ.

    Дээд боловсролын байгууллагын чинхүү зорилго бол улс орныхоо хөгжлийн эд эс, хөшүүрэг болох хэмжээний чадварлаг мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Энэ бол гинж шиг хоорондоо уялдаатай, эргэх холбоотой, байгалийн жам гэж хэлж болохоор зүйл. Өнөөдөр их сургуулиа төгсөн гарч байгаа хүний сурч мэдсэн чадвараас 20 жилийн дараах тухайн хүний аж амьдрал шалтгаална.

     Дээд боловсрол гэдэг бол нэг талаас дээд боловсролтой болохыг хүсэгч, нөгөө талаас түүнийг нь олгогч байгууллага хоёрын хоорондох харилцаан дээр тулгуурлан явагддаг онцгой бизнес юм. Дэлгүүрт ороод талх авахтай агуулгын хувьд гоц гойд зөрчилдөхгүй. Гэхдээ талх бол дээд боловсролтой харьцуулахад хямдхан бас ашиглалтын хугацаа богино. Харин дээд боловсрол бол тухайн хүний насан туршийн хөрөнгө болж, яаж амьдрах замыг нь заагч болж явах учиртай. Харин тэр хирээрээ үнэлэгдэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй ч ийм чухал зүйлийг зүгээр нэг дэлгүүрээс талх авах хэмжээний үнэлэмжээр сонгочихгүй нь ойлгомжтой.

     Харамсалтай манай улсад Дээд боловсролын байгууллагыг ямар нэг онцгой чухал үзүүлэлтээр эрэмбэлэх нэгдсэн стандарт байхгүй. Ерөнхийдөө элсэгчдийн сонголт олон жил үйл ажиллагаа явуулсан төрийн мэдлийн их дээд сургуулиудад төвлөрдөг.  Эдгээр сургуулиуд маань ч олон жилийн дадлага туршлага, бааз суурь, чанартай сайн сургалттай бөгөөд элсэлтийн босго оноо ч өндөр тул сайн элсэгчид цуглардаг байсан. Харин сүүлийн жилүүдэд ЕБС-ийн төгсөгчдийн тоо цөөрсөн болон элсэгчдийн ЭЕШ-ийн дундаж оноо буурсантай холбоотойгоор улсын суруулиуд маань элсэлтийн босго оноогоо хувийн жижиг сургуулийн хэмжээнд авчран бууруулсан. Энэ нь эргээд боловсролын чанар гэдэг зүйл маань алдагдах шалтгаан болж, зөвхөн тоо хөөсөн, цаас үйлдвэрлэсэн гэж адлагддах хэмжээнд өөрсдийгөө буулгаж дээр дурдсан гинжин холбоо маань дундаасаа зэвэрч эхэллээ гэсэн үг юм.

     Гэхдээ яг үнэндээ сайн сургалт хувийн сургуульд байдаг гэдгийг дэлхийн чиг хандлага баталсан. Үүнийг Монгол улсад батлах боломж бидэнд гарч байна гэж би бодож байна. Манай сургууль цомхон бүтэцтэй, цөөхөн оюутантай. Энэ нь нэг талаараа бидний сул тал мэт боловч яг үнэндээ манай давуу тал юм. Бид оюутан бүртэй тулж ажиллах боломжтой.

     “Дээд боловсролын сургалтын байгууллага” нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагуудаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх буюу магадлан итгэмжлэгдсэнээр үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг. Өөрөөр хэлбэл бүх их дээд сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл бид хувийн ч бай хувьсгалын ч бай нэг л стандартын дагуу сургалтаа явуулдаг гэсэн үг юм.

     Дээд боловсролын сургалтын Ерөнхий боловсролын сургалтаас ялгарах онцлог нь лекцээр дамжуулан аргыг нь зааж өгөөд, семинараар дамжуулан өөрөөр нь хийлгэдэг явдал юм. Лекц семинар хосолсон сургалттай их дээд сургуулийн хичээлийн нэг цаг нь 90 минут байдаг. Пар ч гэж хэлдэг. Оюутнууд энэ цагийг хир үр бүтээлтэй анхааралтай ашиглаж чадна хожим хойно тэр хэмжээгээр үр ашгийг нь хүртэнэ.

       Жилийн төлбөр нь 1.6 сая /нийт 6.4 сая/ төгрөгийн төлбөртэй сургуулийн нэг цагийн хичээл ямар үнэтэй вэ?

     Нэг оюутан ойролцоогоор 125 кредитийн хичээлийг дөрвөн жил судалж байж тухайн сургуулиас бакалаврын диплом хэмээх дөрвөлжин хавтастай цаасыг өвөртөлдөг. Нэг кредитийн төлбөр 51200 төгрөг гэсэн үг.  Зарим хичээлүүд хоёр, зарим нь гурван кредитийн үнэлэмжтэй. Дунджаар нэг хичээлээс 128,000 төгрөгийн үнэ бүхий 2.5 кредит авна. Нэг хичээлийг улиралд /16 долоо хоног/ 28 пар ордог гэж үзвэл долоо хоногт 1.75 пар буюу ойролцоогоор 4570 төгрөгийг нэг пар хичээлд төлж байнаа гэсэн үг юм. Энэ мөнгө тухайн оюутан ирсэн ч бай, ирсэн ч гэсэн хичээлдээ анхаарахгүй утсаа ухаж суусан ч бай, идэвхтэй сайн оролцсон ч бай яг адилхан төлөгдөнө. Мөн оюутан хүн өөрийн амьдралын дөрвөн жилийг энэ төлбөртэйгөө хамт өгнө. Энэ хугацааг нэг парт хувааж бодвол овоо хэдэн оронтой тоо гарах байх. Хүн амын дундаж наслалт 70 гэж бодохоор багахан хугацаа боловч, бүтээмж, чадамжаар үнэлбэл хамгийн өндөр үнэлгээтэй цаг хугацааг оюутнууд танхимд өнгөрөөдөг.  Гэхдээ дээд боловсролын байгууллага нь оюутнаасаа дээрх төлбөр болон цаг хугацааг нь авчхаад оронд нь дөрвөлжин цаасыг ёслол төгөлдөр гардуулаад л болчихдог гэвэл өрөөсгөл ойлголт юм.

     Их дээд сургууль нь стандарт шаардлагынхаа дагуу номын сантай байдаг. Мөн орчин үеийн чиг хандлагыг дагаад үнэ төлбөргүй интернет орчинг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийг оюутнууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй. Сургуулиас өөр орчинд бол бүгд л мөнгө төлж авдаг үйлчилгээнүүд. Түүнчлэн багш нар бол оюутнуудын хувьд үнэтэй цэнэтэй мэргэжлийн зөвлөгч нар байдаг. Гэхдээ үнэ төлбөргүй. Мөн л төлбөрөөр авдаг үйлчилгээ. Цайны газар, автобус унаа, ном сурах бичиг гээд л олон олон хөнгөлөлт боломжуудыг дөрвөн жилийн хугацаанд хязгааргүй эдлэх боломжтой.

     Үүнээс гадна мөнгөн хэлбэрээр үнэлэх боломжгүй нэг зүйл бол үерхэл нөхөрлөл, нандин дурсамж. Магадгүй ангийнхаа охинтой гэр зохиох боломж, магадгүй ангийнхаа андтай ирээдүйд хийж бүтээх ажлын байраа бий болгох боломж, магадгүй ахисан шатны боловсролд дэвшин суралцах боломж гээд үй олон боломжуудыг оюутанд бид олгодог.

     Их дээд сургуулийн сургалтын онцлогийг би дээр дурдсан. Лекцээр онол арга зүйг нь заагаад семинараар өөрөөр нь мэдлэг бүтээлгэх боломжийг БИД олгодог . Яг л “Өлссөн хүнд загас биш, уурга өг” гэдэг шиг.

 

 

 

 

 

 

 





Зургийн цомог

Видео мэдээ


© 2017. Цэцээ Гүн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан