Хүний уураг тархи хумигдан жижгэрч иржээ


Хүний уураг тархи сүүлийн 30000 жилийн туршид байнга жижгэрч, энэ хугацаанд теннисний бөмбөгний хэмжээтэй тархины нэгэн хэсэг хумигдан үгүй болсныг эрдэмтэд судлан тогтоожээ. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний уураг тархи багасч байгаагаас болж, орчин үеийн хүний сэтгэн бодох чадвар буурч, ухаан муутай болсон нь огт үгүй ажээ.

Европ, Ойр Дорнод, Ази тивээс олдсон эртний хүмүүсийн гавлын ясанд хэмжилт хийсэн судлаачид орчин үеийн хүмүүсийн гавлын яс хүн төрхт Homo Sapiens-ийн гавлын яснаас даруй 10 хувиар хэмжээ нь багасч, 1500 куб см багтаамжтай байснаа 1359 куб см болон багассан байна. Эмэгтэйчүүдийн уураг тархи эрэгтэй хүмүүсээс бага байдаг бөгөөд мөн л ижил хэмжээний хувьсалд орж, өөрчлөгдсөөр ирсэн байна.

Антропологчдын үзэж байгаагаар хүний бие хэчнээн том байх тусам бор тархи нь тийм хэмжээний байх нь хэвийн үзэгдэл ажээ. Одоогоос 30000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс үлэмж том биетэй, уураг тархи нь ч том байсныг тогтоожээ.

Миссурийн их сургуулийн профессор Дэвид Гери одоогоос 17000 жилийн өмнө амьдарч, хаданд сүг зураг зурж үлдээсэн орчин үеийн хүний өвөг дээдэс ч гэсэн хүчирхэг том биетэй, том толгойтой байсныг нотолсон байна. Профессор Гери 1,9 сая жилийн өмнөөс сүүлийн 10000 жилийн үед амьдарч байсан хүмүүсийн гавлын ясанд шинжилгээ хийж, суурин газар бий болж, хүмүүс бөөнөөрөө амьдарч эхэлсэн үеэс эхлэн уураг тархины хэмжээ багасч эхэлсэн гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Уураг тархи жижгэрч багасах үзэгдэл амьтад дээр ч ажиглагддаг байна. Эскимосчуудын нохойны тархи чононы тархинаас бага боловч илүү ухаантай байдаг аж. Нохой хүний дохио зангааг төвөггүй ойлгож, жижиг хүүхдийн хэмжээний ой ухаан гаргаж чаддаг байна.

Номнууд